Юу Эн Ай Ти ХХК нь хэрэглэгч та бүхэнд Task.mn нээлттэй платформоор дамжуулан ажил үйлчилгээ захиалан гүйцэтгүүлэх, ажил үйлчилгээ хийж гүйцэтгэх, ажил гүйцэтгэлтэй холбоотой бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, тэдгээртэй холбоотой гэрээ байгуулах, төлбөр баталгаажуулах, төлбөрийг гүйцэтгэгчид найдвартай, шуурхай дамжуулах, бараа, ажил үйлчилгээний чанарт хөндлөнгийн хяналт тавих, хөндлөнгийн ажиглалт хийх боломжийг олгох, хуулийн дагуу ногдох татварыг суутган төлөх, нягтлан бодох бүртгэлийн өгөгдлийг хадгалах, гаргаж өгөх зэрэг талуудын хооронд бизнесийн харилцааны явцад үүсч болох төрөл бүрийн ажлыг цогцоор нь хангах менежментийн үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх)-г доорх нөхцөл журмын дагуу танд үзүүлэх юм. Task.mn нээлттэй платформыг ашиглах доорх нөхцөлтэй танилцана уу.
Та дараах нөхцөлийг зөвшөөрснөөр Task.mn-ийг хэрэглэх тул анхааралтай уншиж танилцана уу.
Бид танд хэд хэдэн нэр төрлийн үйлчилгээг санал болгож буй бөгөөд үйлчилгээний онцлогоос хамаарч зарим тохиолдолд нэмэлт нөхцөлүүд гарч болзошгүй. Та Task.mn-ийн үйлчилгээг авахдаа (жишээлбэл, ажил захиалах, ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах, бараа бэлтгэн нийлүүлэх гэх мэт) энэхүү нөхцөл журмыг дагаж мөрдөнө.
Нэр томьёо:
Task.mn сайт - Бүртгэлтэй хэрэглэгчдэд гэрээ байгуулах цахим орчныг бүрдүүлж буй блокчейн технологи дээр суурилсан платформ. Үүнд: Task.mn сайт болон аппликейшн, бусад дагалдах бүх үйлчилгээ хамаарна.
Хэрэглэгч – Сайт ашиглах үндсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, албан ёсны мэдээллээ оруулсан хувь хүн, байгууллага.
Гуравдагч этгээд – Task.mn сайт дээр хэрэглэгчийн өгсөн ажлын захиалга буюу ажил гүйцэтгэх хүсэлтэд хамаарах сайтын хэрэглэгч.
Хэлцэл – Гэрээ байгуулахаас өмнө ажил захиалагч нь 2 буюу түүнээс дээш хэрэглэгчтэй гэрээний нөхцөлийг тохирох үйл ажиллагаа. Үүнд и-мейл, утас, болон чатаар солилцож буй мэдээллүүд багтана.
Гэрээ – Бүртгэлтэй хэрэглэгчид хоорондоо тохирсны үндсэн дээр ажил гүйцэтгэх болсон тухай хүчин төгөлдөр цахим бичиг баримт юм. Уг цахим бичиг баримт нь талуудын хүсэлтийг баталгаажуулсан болон төлбөр хийгдсэнээр баталгаажна.
Гэрээ нь шуурхай, үндсэн болон тусгай нөхцөлт гэрээ гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагдана.
Шуурхай гэрээ – Үнийн дүн Монгол Улсын Засгийн Газраас тогтоосон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош хэмжээтэй.
Үндсэн гэрээ – Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 1 сая төгрөг хүртэл.
Тусгай нөхцөлт гэрээ – Үнийн дүн 1 сая төгрөгөөс дээш, ажлын гүйцэтгэлд ажиглагч, болон хянагчийг заавал оролцуулах болон татварын асуудлыг нарийвчлан тусгах шаардлагатай ажил, үйлчилгээ, түүнд хамаарах бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ.
Ажиглагч – 2 талын ажлын гүйцэтгэлийг хөндлөнгөөс хянан, үнэлгээ өгөхөөр гэрээний аль нэг тал сонгосон Task.mn сайт дээрх бүртгэлтэй этгээд.
Хянагч – Тусгай нөхцөлт гэрээнд талуудын гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж, төлбөр тооцоо, дагалдах бичиг баримтын бүрдлийг хянах эрх бүхий Task.mn сайт дээр бүртгэлтэй этгээд.
Татвар тооцоо – Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан татварууд. Үүнд: ХХОАТ, ААНОАТ, НӨАТ багтана. НДШ болон ЭМД хамаарахгүй.
Хувь хүний мэдээлэл – Бүртгэлтэй хэрэглэгчийн овог, нэр, төрсөн огноо, цахим хаяг гэх мэт мэдээлэл багтана.
Оюуны өмч – Бүртгэлтэй хэрэглэгчийн өмчлөлд байх Монгол Улсын Оюуны Өмчийн тухай хуулийн .... д заасан бүх бүтээлүүд.
Нэг. Хувийн мэдээлэл болон Бүртгэл
1.1 Task.mn-ийг ашиглахад танаас хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах шаардлагатай бөгөөд таны бүртгүүлсэн мэдээллийг бид Монгол Улсын байгууллагын нууцын тухай болон хувь хүний нууцын тухай хуульд зааснаар хамгаална.
1.2 Task.mn дээрх өөрийн бүртгэл болон нууц үгээ нууцлах үүргийг та өөрөө хүлээх бөгөөд энэхүү үүргээс үүдэлтэй аливаа хариуцлагыг бие даан хүлээхийг зөвшөөрч байна.
1.3 Task.mn нь насанд хүрээгүй хүүхдэд аливаа бараа, бүтээгдэхүүн борлуулах эсвэл аливаа үйлчилгээг үзүүлэхгүй бөгөөд зөвхөн эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл, хяналт дор ашиглаж болно.
1.4 Хэрэв та 21 насанд хүрээгүй бол согтууруулах ундаатай холбоотой бараа бүтээгдэхүүн, аливаа ажил үйлчилгээтэй холбогдсон бол таны бүртгэл эсвэл тухайн захиалгыг бид цуцална..
1.5 Task.mn-ийн хэрэглэгчид үйлчилгээ авахдаа “Task.mn-ийн хэрэглэгч”-ээр бүртгүүлэх ба бүртгэл сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
1.6 Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах ёстой бөгөөд цаг үргэлж шинэчилж, мэдээллийн үнэн зөв, бодит байдал, хэрэглэгчийн нэр болон нууц үгийн хамгаалалтыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
1.7 Task.mn-ийн хэрэглэгч нь зөвхөн нэг аккаунттай байх бөгөөд ашиглагдсан и-мэйл хаяг нь дахин өөр Task.mn-ийн хэрэглэгчид ашиглагдахгүй.
1.8 Task.mn-д шинээр бүртгүүлж хэрэглэгч болмогц тухайн гишүүнд бүртгэл үүснэ. Бүртгэлийн дагуу Task.mn-ийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, ажлын түүх зэрэг мэдээлэл хадгалагдах ба мэдээллийг нууцлалын алгоритмаар хамгаална.
Хоёр. Захидал харилцаа
2.1 Таск.мн үйлчилгээг хэрэглэхэд та имэйлээр шуудан илгээх, чатботтой харилцах, харилцаа холбооны төхөөрөмжөөрөө мессеж илгээх зэрэг аливаа электрон арга хэрэгслээр бидэнтэй харилцах болно. Энэ үед манай Мессежийн төвөөр дамжуулан имэйл, бичвэр, текст, гар утсанд хүргэгдсэн зар, манай мэдэгдэл, мессеж зэрэг мэдээллийг цахимаар биднээс хүлээн авахыг зөвшөөрч байгаа тул талуудын хоорондын эдгээр харилцааны хуулбар бидэнд хадгалагдана. Бидний танд өгөх бүх гэрээ, мэдэгдэл, тодруулга болон бусад харилцаа холбоо нь бичгээр бичих хуулийн шаардлагыг хангаж байгааг та үүгээр хүлээн зөвшөөрч байна.
Гурав. Зохиогчийн эрх
3.1 Текст, график, лого, товчлуурын дүрс, зураг, аудио клип, дижитал татан авалт, өгөгдлийн эмхтгэл, програм хангамж гэх мэт Таск.мн үйлчилгээнд багтсан эсвэл дамжуулан ашиглах боломжтой бүх бүтээлүүд нь Компанийн эсвэл түүний гэрээлэгч зохиогчийн өмч ба тэдгээр бүтээлүүд нь Монгол Улсын зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулиар хамгаалагдсан болно.
3.2 Task.mn нь танд үйлчилгээ үзүүлснээрээ аливаа бүтээлийг (үүнд ажил захиалах, ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцан солилцох, саналд хавсаргасан аливаа бүдүүвч зураг, техникийн санаа, зураг төсөл, хавсаргасан материалууд) бүхэлд нь эсвэл хэсэгчлэн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, орчуулах зэрэг хэлбэрээр үүсмэл бүтээл болгон өөрчлөх, нийтлэх, дамжуулах, үзүүлэх, түгээх зэрэг бүтээл ашиглах эрхийг олгоогүй, шилжүүлээгүй, зөвшөөрөөгүй болно.
Дөрөв. Барааны тэмдэгт
4.1 Task.mn үйлчилгээнд багтсан эсвэл ашиглах боломжтой үйлчилгээний нэр, график зураг, лого, товчлуурын дүрс, скрипт нь Компанийн барааны тэмдэгт юм.
4.2 Компанийн барааны тэмдэгтийг компанийн биш бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах, үйлчлүүлэгчдийн дунд төөрөгдөл үүсгэж болзошгүй, эсвэл бусдыг гутааж, гутаан доромжилсон байдлаар ашиглахыг хориглоно.
4.3 Компанийн эзэмшдэггүй бусад бүх барааны тэмдгүүд нь Task.mn үйлчилгээнд гарч ирж болох ба тэдгээр нь тус тусын эзэмшигчдийн өмч байх бөгөөд Компанитай холбоогүй, холбогдоогүй байж болно.
Тав. Патент
5.1 Компанийн эзэмшдэг патент нь Task.mn үйлчилгээгээр дамжуулан уг үйлчилгээг авахад хамаарах ба Task.mn үйлчилгээний зарим хэсэг нь нэг буюу хэд хэдэн патентын эзэмшигчид хамаарч болно.
Зургаа. Нийтлэлийн бодлого болон хориотой нийтлэл
6.1 Таны нийтлэлийн агуулга дараах хууль тогтоомжийг зөрчөөгүй байна:
a. Зар сурталчилгааны тухай хууль - Зар сурталчилгаа бүтээх түгээхэд хориглох ерөнхий заалтууд, хууль бус зар сурталчилгаа болон эрүүл мэнд, байгаль орчны салбар, хүүхдийн эрх, банк, санхүү, хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйл ажиллагаа, үнэт цаастай холбоотой.
б. Улсын их хурлын сонгуулийн тухай хууль - Улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглох.
в. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль - Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийг сурталчилгаанд ашиглахыг хориглох, Хүүхдийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөө үзүүлэх мэдээлэл тараах, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байх.
г. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль - Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглох.
д. Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль - Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлах, эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг 18 насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглох.
е. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль - Согтууруулах ундаа сурталчлахыг хориглох тухай заалтууд.
ё. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерийн сүлжээг ашиглан сурталчлахыг хориглох.
ж. Эрүүгийн хууль - Үндэсний эв нэгдлийг бусниулах, Шашны харгис үзэл номлол сурталчлах, тараах, Терроризмыг сурталчлах, Нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээх тухай
з. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал - Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглох тухай
и. Шударга өрсөлдөөний тухай хууль – Үгсэн хуйвалдах, давуу тал олгох
6.2 Та ажил үйлчилгээ захиалах, гүйцэтгэх, түүнд холбогдох бараа материал худалдах, худалдан авахтай холбоотой саналын дуудлага, санал, сэтгэгдэл, асуулт эсвэл бусад сэтгэгдэл, мэдээлэл, зураг, видео зэргийг Task.mn-д нийтэлнэ. Таны нийтэлсэн аливаа нийтлэлийн агуулга нь хууль зөрчөөгүй, садар самуун сурталчлаагүй байх ба заналхийлэл, нэр төрд халдсан, хувийн нууцад халдсан, оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байна мөн гуравдагч этгээдэд гэм хор учруулж болзошгүй програм хангамжийн вирус, улс төрийн зорилготой суртал ухуулга, арилжааны гинжин захидал, олон нийтийн захидал, эсвэл ямар нэгэн хэлбэрээр "спам" эсвэл хүсээгүй арилжааны цахим мессежийг агуулаагүй байна.
6.3 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Компани дараах 3 үндсэн арга хэмжээ авна.
а. Үйлчилгээг хаах.
б. Хэрэглэгчийн бүртгэлээс хасах. Дараах зөрчил илэрсэн тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлээс хасна.
в. Хуулийн байгууллагад хандах.
6.4 Task.mn сайт хэрэглэгч нь дээрх Үйлчилгээний нөхцөл журмыг зөрчсөнөөс үүдэн компанид болон гуравдагч этгээдэд бий болсон, учирсан аливаа хохирол алдагдлаас ямагт чөлөөлж хохиролгүй болгоно.
Долоо. Сайт ашиглан ажил үйлчилгээ захиалах болон ажил үйлчилгээ үзүүлэх
7.1 Task.mn хэрэглэгч нь ажил үйлчилгээ захиалах болон гүйцэтгэх, бусад аливаа арилжааны үйл ажиллагааг Task.mn сайт дээр талуудын хооронд тохирсон нөхцөл, хэрэв гэрээ байгуулсан бол тухайнэрээнд заасны дагуу тус бүрийн үүргийг гүйцэтгэнэ.
7.2 Task.mn сайт ашиглан ажил үйлчилгээ үзүүлэх, түүнд холбогдох бараа бүтээгдэхүүн худалдах, бэлтгэн нийлүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу төлбөл зохих бүх төрлийн татвар, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад бүхий л төрлийн татваруудыг бүрэн төлөх, түүнийг эрх бүхий байгууллагад тайлагнах үүргийг сайтын хэрэглэгч хүлээнэ.
7.3 Task.mn сайт ашиглан ажил үйлчилгээ үзүүлэх, түүнд холбогдох бараа бүтээгдэхүүн худалдах бэлтгэн нийлүүлэхтэй холбогдуулан талууд хоорондоо бичгээр гэрээ байгуулахдаа татварын заалтыг заавал тусгах ба шаардлагатай бол сайтаас санал болгох ажиглагч буюу хянагчийг сонгож болно.
Найм. Баталгаа гаргахаас татгалзах болон хариуцлагын хязгаарлалт
8.1 Өөрөөр тусгайлан заагаагүй бол, Task.mn сайтын үзүүлж буй үйлчилгээ, сайтад байршсан бүх мэдээлэл, нийтлэл, материал, бүтээгдэхүүнүүд (үүнд программ хангамж орно) болон бусад үйлчилгээг тухайн үйлчилгээний “бодит байгаагаар нь эсвэл боломжтой байдлаар” танд үзүүлж байгаа болно. Task.mn сайтын үзүүлж буй үйлчилгээ, сайтад байршсан бүх мэдээлэл, нийтлэл, материал, бүтээгдэхүүнүүд (үүнд программ хангамж орно) болон бусад үйлчилгээний талаар компани аливаа баталгаа гаргаагүй.
8.2 Өөрөөр тусгайлан заагаагүй бол Task.mn үйлчилгээг ашигласантай холбоотой үүсэх эрсдэлийг хэрэглэгч дангаар хариуцна. Компани нь Task.mn нь сайт дээр байршсан арилжаа худалдаа, ажил үйлчилгээтэй холбоотой гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй аливаа хэлбэрийн баталгаа гаргаагүй.
8.3 Task.mn үйлчилгээг ашиглах, эсвэл Task.mn үйлчилгээнд хамрагдах эсвэл сайт дээр байршсан нийтлэл, мэдээлэл, агуулга, материал, бүтээгдэхүүн (програм хангамж орно) эсвэл бусад дагалдах үйлчилгээнээс шууд болон шууд бус, санамсаргүй байдлаас бусдад учирсан аливаа хохирлыг Task.mn хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээгээр хариуцахгүй.
8.4 Task.mn нь сайт дээр байршсан арилжаа худалдаа, ажил үйлчилгээтэй холбоотой, нийтлэл, мэдээлэл, агуулга, талуудын сайтаар дамжуулан солилцсон мэдээлэл, үнэ, ажлын хөлс, татварын зохицуулалттай холбоотой бүх мэдээлэл, баримт бичгийн нууц (цаашид “Нууц мэдээлэл” гэх)-ыг холбогдох хуулиар шаардаагүй бол Task.mn нууц мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй.
8.5 Энэхүү Үйлчилгээний нөхцөл журмын аль нэг буюу түүнээс дээш заалтыг ямар нэгэн шалтгаанаар хүчингүй, хуульд нийцээгүй эсвэл хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд тухайн заалтыг хасах бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл нь тухайн хасагдсан заалтыг хэзээ ч агуулаагүйд тооцно.
8.6 Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгч та сайт ашиглаж эхэлсэн үеэс хүчин төгөлдөр болж аль нэг талын саналаар цуцлах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ.
8.7 Task.mn нь урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд Үйлчилгээний нөхцөлийн шинэ хувилбар интернет хаяг дээр байршсан өдрөөс даган мөрдөгдөнө.
8.8 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тайлбарлагдана.
8.9 Энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа маргаан үүсвэл талууд зөвшилцлийн аргаар маргааныг шийдвэрлэхийг эрмэлзэх ба шийдэлд эс хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.